Wednesday, October 3, 2012

Би чамайг хэзээ нэгэн өдөр хаяж л таарна. Сэтгэлээ бэлдээрэй одооноос!


Аяа намар цаг чи аз жаргалыг минь булаахаар ирэв үү, аль эсвэл аятайхан бүсгүйтэй танилцуулахаар ирэв үү, алин боловч чи ирдгээрээ ирж, би байдгаараа байж л байна. Гэвч харамсалтай нь чи цаашид ч ирдгээрээ ирж, би харин хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх өдөр ирнэ. Тэр үед намар чи өөрийгөө хаягдсан гэж бодоорой гэдэг өгүүлбэрүүд нь гарчигийн цаад далд утгыг гаргаад ирж байх жишээтэй гээд нөгөө галзуу өвчний хамгийн эхний шинж тэмдэг бол өөрийгөө тагнуулч гэж бодох гэдэг оноштой тун таарсан сайхан эхлэл боллоо.

Хэдэн өдөр дайсны талын хэдэн олзлогдмолуудынхруугаа очиж дээрэлхэж байгаад эргэж ирээд дээлээ эгэлдрэглэгсэдийнхрүүгээ очиж элэг доог хийж явсаар байтал өлсөх шиг ч болох шиг. Хаашаа янзын фашизмчлагдчихсан ертөнц гэхээрээ ийм байдаг байнаа гэдэг өгүүлбэр гоё байсан уу? Яг одоо ахиад чанга уншдаа.Тагнуулч хүн хэзээ ч ээрч болохгүй. Учир нь гэвэл Жэймс Бонд, Штерлиц хоёр кинон дээрээ ээрдэггүй юм! Гэхдээ ээрч болно л доо. Ээрээд суухаар эмгэн шиг харагдаад байдаг юм. Утас ээрэх чинь тагнуулч эр хүний ажил биш!

Хорвоо тэгж байгаад их даажинтай туучий байгаа биз? Чиний мэдэх зүйлийн талыг нь ч мэдэхгүй хүн чиний дарга, чиний дуусгаж чадах зүйлийн эхлэлийг нь ч хийж чадахгүй хүн чиний даргын дарга, чиний гэдэгт таван үсэг ордог гэдгийг таван секундын дараа бодож байж олдог нөхөр чиний даргын даргын дарга, чиний явалддаг хүний гэр бүлийн хүн нь чиний даргын даргын даргын дарга гээд их дүүжинтэй хорвоо шүү. "Чинида" гэдэг нэртэй тагнуулч байвал сонсголонтой л юм.

За тэгээд намар над дээр ирнээ гэдэг чинь үнэн хэрэгтээ балиар заваан тамхичин нөхөр л ирж байгаагаас өөрцгүй шүү дээ. Намар ирлээ, утаатай боллоо. "Намар бол хар тамхичин" (ТТГ-ын нууц архиваас) 


Monday, January 9, 2012

Анхны бичлэгтээ эрчүүдээ магтан дуулъя даа or дуулая даа аль нь зөвийнпээ


Эзэн Бүтээгдсэн аравдугаар онд миний бие энэ ертөнцөд Цэрэг Эр болон томилогдон ирсэн билээ. Түүнээс өмнө би хэзээ, хаана, юу хийж байснаа огтхон ч санадаггүй боловч хожим болсон Их үйл хэргүүд миний ухаан санаанаас хэзээ ч арилахааргүй ул мөрөө үлдээжээ...
Анхдугаар өдрөө би Зөнч гэгддэг нэгэн өвгөний удирдлаган дор очив. Өдөр бүр тулааны бэлтгэл хийх мянгаад эрчүүд байх агаад зүүн жигүүрт намайг хуваариллаа. Зөнч өвгөн өөрийгөө Эзнээс хамаагүй өмнө бүтээгдсэн, ертөнц үүссэн өдрөөс хойш болсон бүхий л үйл явдлын гэрч нь гэж хэлдэг байв. Түүнийг бүгд хүндлэх бөгөөд хэлсэн, тушаасан болгоныг нь үг дуугүй биелүүлцгээх аж. “Бидний нэн түрүүний зорилго удахгүй эхлэх Аугаа их тулаануудад эрчимтэй бэлдэх явдал билээ. Дасгал сургуулилтаа хамгийн сайн хийсэн нь л дайнд амьд үлдэх болно” хэмээн хашгирах Зөнч Өвгөний харц нь бүгдийг мэддэг эрдэмтэн, эсвэл гүн ухаантных шиг санагдав.
Бэлтгэл сургуулилт хийдэг хуаранд маань өдөр өдрөөр цэргүүд нэмэгдэж ирцгээх бөгөөд бие бялдар, зан араншин, авъяас чадвараараа бие биеэсээ ялгаатай ч ганц л зүйл дээр адилхан байсан нь дайтах урлагийн талаар анхан ч шатны мэдлэггүй байсан явдал юм. Үүнд Зөнч өвгөн их л дурамжхан байх бөгөөд “Та бүхний нэг нь ч дайнд амьд үлдэхгүй” гэж хэлнэ. Гэвч бусдын хэлдэг айдас гээч зүйл цэрэг эрс бидэнд байх ёсгүй тул амьд үлдэх, эс үлдэх нь хэнд хамаатай билээ. Бид зөвхөн дайныг л хүсч байв.
Нэгэн өдөр бидний бэлд нь хуарагнан байдаг уул бага зэрэг чичирхийлэн хөдлөх шиг боллоо. Зөнч яаран гүйж ирээд зүүн баруун жигүүрийн дайчдаас хамгийн сул доройчуудыг нь сонгон жагсаагаад Дайны Хаалгыг анх удаа нээн тулаанд илгээчихэв. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн юм. Түүнээс хойш газар үе үе чичирхийлэн хөдөлдөг болж олон ч цэргүүдийг тулаанд явуулав. Тулаанаас хэн ч иргэж ирсэнгүй. Цаашдын олон тулаанаас ажиглаж байхад Дайн бол гарцаагүй бөгөөд мөнхөд үргэлжлэх юм байна, дайнд явсан бол хэзээ ч иргэж ирдэггүй харин тулаан болгоны дараа шинээр татагдан ирж буй цэрэг эрс улам л хүчирхэг бие бялдартай, жинхэнэ дайчид байдгийг мэдэж авлаа.
Цэрэг эрс дотор дуучин, зураач, илтгэгч, яруу найрагч, зодоонч, хэрүүлч, гүн ухаантан гээд төрөл бүрийн улс байхаас гадна бие биенээ хачирхалтайгаар хайрладаг эрс ч байлаа. Харин Зөнч өвгөн энэ олон цэрэг эрсээс зөвхөн надад л тун сайнаар хандаж байсан нь сонин санагдаж байв. “Юуны тулд, хаана, хэнтэй дайтахыг чи өөрөө харах болно, харин цаг чинь болоогүй” гэж байнга хэлнэ. “Би бэлэн байна, би тулалдахыг хүсч байна!”...
Олон олон дайн болж өнгөрлөө. Гэвч хэсэг хугацаанд тулаанд орох гэж цэрэг эрс их хүлээдэг болсон байв. Учир нь Газар дэлхий орвонгоороо эргэн галав юүлэхнүү гэмээр чичрэн хөдлөх авч Зөнч өвгөн мансуурсан байдалтай үүрэглэх бөгөөд Дайны Хаалгыг удаж удаж онгойлгоно, эсвэл бүр тэр чигээр нь хаачихаад унтаад өгдөг нь цэргүүдийн уур бухимдлыг ихэд төрүүлж байв. Гэтэл зарим тохиолдолд удаан хугацаагаар дайн болж өгөхгүй, уулын хоёр бэлээр дүүрэн цэргүүд шахцалдан ядан байхад гэнэт Дайны Хаалгыг нээн бүгдий нь тулаанд хөөгөөд явуулчихна. Гэвч намайг явахыг хориглосоор л. Үүнээс болж Зөнчид итгэх итгэл маань буурсаар хэзээ ч дайнд явахгүй байх гэдгээс айж эхлэв...
Нэгэн удаа Дайны Хаалгаар ер бусын хачин биетэй, хэн ч урьд нь харж байгаагүй нэгэн цэрэг орж ирсэн юм. Тэрээр манай цэргүүдтэй ганцаар тулалдах бөгөөд үхэтхийн унах цэрэг эрчүүд маань буцаж амилах боловч тэрхүү хачин биетэй цэрэг болон хувирч байв. Тулаан маш удаан үргэлжилж дайснууд тоогоор нэн олон болов. Бид тэдэнтэй тулалдан юу юүгүй ялагдахын даваан дээр гэнэт тэнгэрээс хүлэг баатрууд нисч ирэн тэднийг устгаад өөрсдөө ч алга болчихлоо. Зөнчийн хэлснээр бол Эзэн бидэнд тусалсан аж. Үүнээс хойш дайн бололгүй маш удсан юм. Гэвч цэргүүд цугларсаар байсан тул сүүлдээ багтаж ядсан их цэргүүд уулын бэлд гиюүрэн сууцгаадаг болов. Тэгж тэгж Дайны Хаалга ахин нээгддэг болсон бөгөөд Зөнч өвгөн мансуурахаа ч больжээ.
Хаалга нээгдэхэд нэг бол харанхуй, чийглэг агаар, эсвэл хурц гэрэл цацруулсан хуурай агаар орж ирнэ. Нэгэн өдөр Зөнч надруу тун нухацтай харан “Одоо л жинхэнэ дайн болно. Бэлэн байгаарай” гээд урьд өмнө хэнд ч үзүүлж байгаагүй газрын зураг дэлгэн харуулав. Өтгөн ой шугуй, давст нуур, олон салаа гүн ангалууд бүхий тэр зурган дээр хэрхэн яаж явахыг надад заан өгч цээжлүүлэв. Тэгээд энгэрээсээ цагаан өнгөөр гэрэлтэх нэгэн зүйлээс хэсгийг өгөөд “Энэ бол мөнхөд үргэлжлэх амьдралын ус, ертөнц үүсэхэд Эздийн Эзэн надад өгсөн юм. Чи үүнийг үргэлжлүүлэн авч явах тавилантай билээ” гэв.
Тэнгэрийн хаяа улайран цаг нь болжээ!!! Уул тэнгэрт тэмүүлэн улам л сүр жавхлантай харагдах бөгөөд Зөнч өвгөн дайны хэнгэргээ цохилон галзуурсан мэт бүжиж эхлэв. Зүүн баруун жигүүрийн дайчид эгнэн жагсаад хаалга нээгдэхийг хүлээн газар хөдлөлтөнд дайвалзан зогсоно. Хэнгэргийн нүргээн улам сүртэй болж, газар хөдлөлт дээд цэгтээ тулах агшинд Дайны Хаалга нээгдэн, шахцалдаж ядсан цэргүүдтэй хамт уухай хашгиран дайран орлоо. Түнэр харанхуй, чийглэг, анир чимээгүй байна. Анх удаагаа “хэнтэй байлдах юм бэ?” гэж бодов. Гэнэт энд тэнд үхэтхийн унах цэргүүдийн ёолох дуу гарч эхлэв. Харанхуйд тэмтчин урагшилж байтал нэгэн улаан гэрэл маш хурдтай ойртож ирээд толгой руу цохиод авлаа. Өврөөсөө гэрлээ гаргаад орчныг сайтар хартал намайг цохисон залуу саяхан баруун жигүүрийн хуаранд ирсэн яруу найрагч аж. Ийш тийшээ харвал тулалдаж байгаа цэргүүд нь бүгд манайхан байв. Бид дайснуудтай биш хоорондоо тулалддаг юм байна!!! Босч ирээд өнөөх залууг ганц л хүчтэй цохив. Үхэтхийн уналаа. Гарт нь байсан гэрлийг аваад цаашаа явж байтал хоёр залуу гараад ирэв. Эхний залуугийн цохилтоос нь бултаад нүүр рүү нь буулгатал нөгөө нь дайраад ирлээ. Өрсөж цохиод унагав. Тэдний цэнхэр, ногоон гэрлийг өөрийнхөө гэрлэнд нэмэв. Үзэгдэх орчин хангалттай болсон байна. Цаашаа хэд хэдэн амжилттай тулаан хийгээд ийш тийш харвал бүгд унасан байх бөгөөд цор ганцаар би л амьд үлдсэн бололтой.
Зөнчийн хэлж цээжлүүлсэн газруудаар явав. Ард өтгөн шигүү ой, хажууханд давст нуур луу ордог зам. Урагшаа л яваад байлаа. Хүрэх газартаа дөхөж байтал гэнэт миний адил хурц өнгийн гэрэл барьсан хүчирхэг дайчин өмнө маань гарч ирэв. Түүнийг таних аж. Бэлтгэл дээр хамгийн хүчтэй өрсөлдөгч маань байсан билээ. Өрсөж цохитол тэрээр бултаад би барьж байсан гэрлүүдээ бүгдий нь гараасаа алдчихлаа. Гэвч гэрлээ алдсан нь надад давуу тал өгчээ. Нэг гар маань мөн суларсан болохоор түүний удаа дараагийн цохилтыг хааж байгаад нөгөө гараараа элгэнд нь тун хүчтэй цохив. Ахиж өндийсөнгүй. Газраас түүний гэрлүүдийг өөрийнхөө гэрлүүдтэй түүн автал өнгө өнгөөр туяарсан гэрэл болон нийлээд бие рүү минь шингэчихэв.  Хязгааргүй их хүч чадал амтагдалаа. Ийнхүү гайхашран зогсч байтал гэнэт урьд өмнө огт харж байгаагүй гоо үзэсгэлэнгийн дээд, хязгааргүй их хүсэл тачаалын эзэн болсон Цор Ганц зогсож байсан юм...